ToMongolia
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Эрэлчний тэмдэглэл:

Go down

Эрэлчний тэмдэглэл: Empty Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee Мяг 8 сар 09, 2011 2:33 pm


Тэнгэрийн улаач гэдгээ хэрхэн таних вэ?

2011 оны 04-р сарын 18, Нийтэлсэн erelchin
Хүмүүсийн дунд эргэлзээ тээнгэлзэл үргэлж дагуулсан нэгэн асуудал бол би хэн бэ?

Санамсартай хийгээд санамсаргүйгээр хэн нэгнээс өөрийгөө бодож явсанаасаа эсвэл хүсэж явснаасаа огт өөр хувь тавилантай нэгэн гэдгийг сонсох сэтгэл санааны хүндхэн дарамтад оруулдаг. Сүүлийн жилүүдэд иймэрхүү хямралд орсон хүмүүс их олон болжээ. Энэ нь бөө мөргөлийн дахин сэргэлтийн үе эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Сайн зүйлийн хажуугаар саар ч зүйлс их байдаг тул “чи бөө болох ёстой хүн”, “ямарваа нэгэн тэнгэртэй”, “онгодтой”, “сахиустай”, “шүтээнтэй”, “дагасан, харсан даасан юмтай” гэсэн үгийг сонссон нэгэн шууд итгэх аргагүй. Итгэхгүй байх шалтаг, шалтгаан, үндэслэл ч их.

- Огт мэдэхгүйгээр минь далимдуулж, хэн нэгэн луйвардах гэж байна

- Би өөрийгөө тийм гэж огт төсөөлж чадахгүй байна

- Нэг л худлаа юм шиг эргэлзээ их төрөх юм

- Манай удамд ийм тиймээ юм байхгүй, энэ лав худал

- Ингэхэд яагаад заавал би гэж

- Ийм юм сонсчихоод яаж хүний нүүр харнаа, аймаар юм

- Би тийм бөө мөө болмооргүй байна

- Худлаа, худал би иймэрхүү юманд итгэдэггүй

гээд л. Хэдийгээр итгэхийг хүсэхгүй ч сэтгэл дотор нэг л “асуудал” өдрөөс өдөрт хүндэрсээр л, шаналгасаар л байдаг.

Хүн ядарсан, зовсон, аль эсвэл өрөөлийн хүчинд найдахыг илүүд үзсэн, яах учраа олохгүй болсон үедээ л лам, бөө, үзмэрчид ханддаг. Олны дунд лам, үзмэрч нарын нэр хүнд харьцангуй сайн тул тэдний хэлсэн үгэнд илүү итгэх бөгөөд тун аргагүйдсэн үедээ л бөө гэх нэгнийг зорино. Заримдаа бидний өмнөөс очиж үзүүлэх, засал ном хийлгэх ажлыг хариуцаад хийлгэхээр энд тэнд сайн, мундаг гэсэн хүн амьтныг зорих хайх хүмүүс бас бий.

Хэн нэгэн “улаачаас” мөн “улаач” болох тавилантай гэдгээ сонссон хүмүүс энэхүү “шинэ мэдээ”-нд хандах, хариу шийдвэр гаргах байдлаараа хэд хэдэн хэв шинжит бүлэгт хамаарна.

Шууд дагагчид: Ихэнхдээ итгэхээс өөр гарцгүй болсон мөн эргэн тойронд нь “улаач” олон төрж, энэ талын мэдлэг, мэдээлэл харьцангуй сайн болсон, өөрөө ч гэсэн тийм байж магадгүй гэж дотроо цөөнгүй удаа бодож байсан хүмүүс энд хамаарна. Гэхдээ ийм итгэлтэйгээр орсон ч заримдаа зам мөр нь тэгшрэхгүй удах нь бий.
Нягтлан судлагчид: Дотоод сэтгэлийн зөрчилт байдал хурц явагдаж буй хүмүүс, байж болох үндэслэлүүдийг хөөгөөд үзэхээр үнэнч юм шиг, тэгсэн хэр нь өөрийн энэ бодолд мөн л итгэхгүй. Сайн, чадалтай гэсэн хүн бүрт үзүүлээд бүгд л тийм гэж хэлбэл мөн гэдэгтээ итгэмээр санагддаг ч ганц хүн л биш гэчихвэл анхныхаа эргэлзээнд буцаад оччихдог. Энд тэнд холбогдолтой бүхнийг уншиж, ойлгочих гэж тэмүүлнэ.
Тайван ажиглагсад: Тэдэнд эргэлзээ ч, бас итгэл үнэмшил ч бий. Гэхдээ л улаач болоход ч, татгалзахад ч, судлахад ч хойрго ханддаг. Үнэхээр гарцаагүй болбол л тэгээд болдог л байхдаа.
Үгүйсгэгчид: Тэд үүнд огт итгэхгүй бөгөөд өөрйн зөрүүд бардам зан нь ийм зүйлгүйгээр би ажилтанд хүрч сайхан амьдарч чадна гэдэгтээ өөрийгөө ч өрөөлийг ч итгүүлэхийг чармайдаг. Тэд “бөө”-тэй холбоотой юуг ч мэдэхийг, сонсохыг ч хүсдэггүй.
Үл мэдэгчид: Тэдний хувьд янз бүрийн шалтгаанаар өөрийнх хувь заяа, түүнд хамаарах шийдвэрүүдийг гаргахад өөрөө оролцох боломж хязгаартай болсон байдаг. Энд нэг талаар ухаан санаа нь солиорсон хүмүүсийг оруулж болох ч, их бага ямар нэг хэмжээнд эрхээ хязгаарлуулсан хүмүүс орно. Тэдний хувь заяа асран хамгаалагч хийгээд гэр бүлийнхнээс л хамаарна. Тэд яах хэрэгтэй гэнэ, түүнийг л дагах болдог.
Ерөнхийд нь авч үзвэл эдгээр бүлгүүд байх бөгөөд мэдээж арай өөр өвөрмөц хүмүүс байхыг бас үгүйсгэхгүй.

“Тэнгэрийн улаач” гэдгээ мэдэхийн тулд нийтлэг тавигддаг хэдэн шалгуурыг өөр дээрээ дахин дахин тааруулж бас тааруулахгүй байх гэж үзэх нь олонтаа.

Эдгээр шалгуурт

- Хэн нэгэн болон олон хүн “онгод, тэнгэр, сахиустай” гэж хэлсэн байх

- “Бөө”гийн өвчин гэдгээр өвдсөн байх

- Зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх

- Бөөгийн удамтай эсэх

- Өөрт нь бөө мөргөлтэй холбоотой байх өөр ямар нэгэн үндэслэл бий эсэх

Хүмүүсийн дунд тэр дундаа “улаач” эрхмүүдийн айлдаж байгаагаар Өөрийгөө улаач мөн эсэхээ тодруулахын тулд олон “бөө”-д үзүүлэх нь нэг талаар зөв зүйл ч нөгөө талаар бас тийм ч зөв арга биш бололтой.

Аль болох олон бөөд үзүүлэхийн сайн тал нь

- Олон сайн бөө өөрийг тань “онгод, тэнгэртэй, сахиустай” гэж хэлбэл тэр нь үнэн байх магадлал маш өндөр.

- Олон бөөд үзүүлж мөн гэж сонсож байх нь өөрийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлж өгдөг.

- Олон бөөд үзүүлж шалгуулангаа өөрийн дотоод дуу хоолой, зөн совин давхар харьцуулан байж шийдвэр гаргахад тустай

- Олон бөөд үзүүлснээр ядаж зан үйл, мэдлэг, ойлголтын түвшин сайжирна.

- Олон бөө дотроос өөрийн жинхэнэ явах зам, багшийг олж чадна.

Харин олон бөөд үзүүлэхийн сөрөг тал нь

- Үзүүлсэн бөө нар өөр дээрээ эргүүлэн дуудах сонирхолтой байдаг тул төөрөх магадлал их.

- Чаддаг чаддагүй олонд үзүүлснээр онгод тэнгэрээ хилэгнүүлдэг.

- Зарим бөө нар төөрч будилж яваа нэгэнд өөрийн “хар муу юм”-ыг дагуулаад явуулчихдаг тул, тухайн хүн улам их сэвтдэг.

- Их эргэлзэх тусам төөрдөг.

- Үзүүлсэн бөө нарын онгодууд өөрсдийг нь сорих, шалгаад байгаа нэгэнд таагүй ханддаг.


Ямартаа ч “шинэхэн улаач”-дын дийлэнх нь хоёроос дээш бөөд хандаж шалгуулсан байдаг байна. Эргэлзэх үндэслэл хангалттай байгаа тул эргэлзсээр өөр өөр хүмүүст хандсаар байдаг. Үнэхээр онгод мөн гэж үү, хар юм дагасныг онгод гээд андуурчихаагүй байгаа, энэ үзсэн бөөгийн онгод нь өөрөө жинхэнэ онгод мөн үү, энэ бөө бизнес хийх гээд худал ярьж байвал яана, онгод юм бол яг ямар гэдгийг нь хэлсэнгүй ш дээ гээд л түгшүүр их.

Хүмүүсийн дунд “тийрэн” гэгддэг зүйлийг онгод хэмээн залж боссон хүмүүс бас байдаг. Харин тэр “тийрэн” гэх “онгод” нь өөрийн ижил олон сүргээ ч эзэн биеэтэй болгохыг хичээдэг тул огт онгод тэнгэргүй хүнийг ч “бөө” болгочихдог гэмтэй. Хөөрхийлөлттэй нь тэр “тийрэн” гэгддэг бөө нар өөрсдийгөө мөн л жинхэнэ онгодтой гэж бодож явдаг. Өдгөө тэр “тийрэн”-үүд бүр их туршлагажиж, чадваржаад “ардын жүжигчин” цол өгчихмөөр ч мундаг жүжигчид болсон гэдэг.

Тэгэхээр олон бөөд очиж үзүүлдэг юмаа гэхэд “хэн” дээр очих вэ гэдгээ анхаарах хэрэгтэй байгаа биз. За тэгээд үнэхээр сайн гэгдэх жинхэнэ бөөд очиж үзүүлсэн ч хариу нь өөр өөр гарах нь бий. Нэгэн цагийн бөө нарын хоорондох үл ойлголцол үүнээс хамаарч байсан байж ч магадгүй. Хоёр ижилхэн бөөд үзүүлтэл нэг нь онгодтой, нөгөөх нь огт онгодгүй хар юм дагуулсан гэх нь бий. Яагаад хэн хэн нь сайн бөө хэн хэнийх нь онгодууд хүчтэй байтал өөр өөр хариу гардаг хэрэг вэ.

Энэ нь өөрийгөө таних гэж хичээж яваа нэгнийг бүрч ихээр хямраадаг. Хүчтэй сайн онгод бусдын онгодыг олж харж чадахгүй, удам судрыг нь мөшгиж чадахгүй байж чадах уу. Ихэнх сайн бөө нар “үгүй, тийм зүйл байхгүй, онгодууд хэзээ ч худал хэлдэггүй” гэх байх. Үнэндээ тэдгээр бөөгийн буруу гэж байхгүй. Энэ нь онгод гээчийг тодорхойлж буй тэрхүү тодорхойлолтоос бас хамаарна. Уламжлалаа хадгалан ирсэн бөө улаачид, тэр дундаа дархад ёсонд онгод гэдгийг өмнө нь бөө хүн байж бусдад хийсэн сайн үрийн үрээр онгод болсон нэгнийг хэлэх бөгөөд тэдгээр нь хэц дэлдэж, хуяглаж явсан байдаг. Хэц хуяг хэрэглээгүй явсан нэгнийг тэнгэрийн газрын хүчтэй нэгдэн хүчирхэгжиж, гайхамшгийг үзүүлж чадахгүй гэж үзэх нь бий.

Ертөнц гэдэг үнэхээр бидний төсөөлж ч чадамгүй хязгааргүй уудам бөгөөд нууцлаг шүү дээ. Бид хорвоо ертөнцийг өөрсдийн хүлээн авч чадах тэр хэмжээгээр л хүлээн авч танин мэддэг.

Хуучин хүү зохиолын баатар “тэртээ уулаас цааш газар үгүй, тэнгэрийн хаяанаас цааш ертөнц үгүй” гэдэг шиг л. Боломжгүй гээд итгэчихвэл боломжгүй л байдаг. Онгод гэж яг үүнийг хэлнээ гээд хатуу тодорхойлчихвол тэрхүү тодорхойлолт нийцсэн нэгнийг л онгод гэнэ. Бөө гэдэг нь “гэгээрсэн тархитан” гэсэн утгатай бөгөөд тухайн цаг үедээ ийм тэнгэр тархитангууд түвшин түвшиндээ өндөр төр, өргөн түмэндээ тус буяныг үйлдсээр ирсэн байдаг тул “онгод, тэнгэр” хэмээх тэрхүү ойлголтыг зөвхөн хэцтэй улаач байснаар тодорхойлох учир дутагдалтай мэт. Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ үед оюунлаг, тэнгэрлэг эрчимтэй өвөг дээдсүүд маань эргэж удамдаа ирэхдээ Монголчуудын уламжлалт шүтлэг бөөгийн зан үйлийг сонгох нь бий. Дээр бидний таашгүй нэгэн зүйл бол мөнх тэнгэрийн хууль. Мөнх тэнгэр биднийг хэн бай гэж, хаана хэнтэй очиж нөхөрлө, хэн хэнд туслах ёстойг ямар нэг хэмжээнд зохицуулсан байдаг.

Үүнээс үүдээд хэрвээ

- Чиний жинхэнэ үнэнг нарийн мэдэх цаг болоогүй бол

- Хэрэв чиний үүрч дуусах ёстой, үйлийн үр дуусаагүй бол

- Хэрэв чиний өвөг дээдэс тухайн хүнээр дамжуулан чамд үнэнийг хүргэх хүсэлгүй бол

- Хэрэв тухайн бөө зөвхөн өмнө нь бөө байсан нэгний онгод болсон дүрийг л онгод гэж хүлээн зөвшөөрдөг бол

- Хэрэв чи буруу зөрүү хүнд очоод буруу замаар явчих гээд байгаа бол

онгодууд чинь хаалт тавиад хэн болох, үнэхээр онгодтой эсэхийг чинь харуулахгүй. Анхааруулан хэлэхэд үнэхээр чадалтай улаач хийгээд онгодуудаас энэ нь шууд хамаарахгүй шүү. Онцлох ёстой бас нэгэн зүйл бол онгодууд дээгүүрээ бас жаахан хуйвалдаан зохиогоод энэ удаад ингээд хэлчихье гэдэг тал бас байдаг юм билээ. Энэ нь эргэлзэн шаналах нь тухайн хүний эдлэх ёстой үйлийн үр ч байх, төөрч будилах замдаа өвөг дээдсийнхээ ойлгуулахыг хүссэн “тэр” нэгэн зүйлийг ойлгож, төлөвших учиртай байхыг үгүйсгэхгүй.

Дараагийн нэг шалгуур үзүүлэлт бол Бөөгийн өвчнөөр өвдсөн байх.

Өнөөдөр хүмүүсийн таамагладаг эхний шинж тэмдгүүд нь

- онош нь тодорхойгүй эдгэрдэггүй өвчнөөр өвдөх

- онош нь тодорсон боловч аймшигтай өвчүүдээр дахин давтан өвдсөөр байх хэр нь үхэж үхэхгүй тэсээд л байх

- клиник үхэл, олон удаагийн осол гэмтлээр үхээд боссон байх

- бүх зүйл нь будаа болж нэг талаар зүгээр хөлтэй байвч дөнгөтэй мэт, гартай байвч гавтай мэт, санасан зорьсон бүгд нь санаснаар нь бүтэхгүй, хичнээн хичээгээд ч бүтэхгүй байх

- өөрөө гайгүй ч гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүсийнх аж амьдрал уруудаж, өвчин зовлон, үхэл ээлж дараалан ээрэх

- гэнэт хий юмс харж, элдэв дуу чимээ сонсож, өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөх

- ухаан санаа хэвийн бус болж, галзуурлын шинж тэмдэг илэрхий болох

- шөнө зүүдэндээ нисэх, баавгай, чоно, могой, бүргэд болон хэцтэй зайран удган, эсвэл нэгэн эмээ өвөөг зүүдлэх, заримдаа унтаа сэрүүн хоёрын хооронд хэн нэгэнтэй хуучлах бөгөөд чухам юу гээд байгааг нь тодорхой санахгүй тохолдолд ч бий

- өөрт болон ойр орчны хүмүүст тохиолдох зүйлийг түрүүлэн мэдрэх, зөгнөж хэлэх, зарим тохиолдолд ямарваа нэгэн асуудал тулгарахад “яаж” гэдгээ мэдэхгүй ч цаад учрыг олчихсон байх

- өөрөө хэзээ ч уншаагүй, мэдээгүй зүйлсээ хэзээний мэддэг байсан мэт санах

- заримдаа “өөрийн бодлоор ч юмуу” ямар нэгэн ер бусын зүйлийг тэр дундаа ховсын ч гэмээр зүйлийг хийчихэж чадах юм шиг санагдах гэх мэт, өөрөөр хэлбэл ямар нэгэн хүнд эсвэл ямар нэгэн үйл явдлын үр дүнд би оюун санаагаараа нөлөөлж чадах юм шиг санагдах

- гэнэт үзэж, хардаг, мэддэг, мэдэрдэг болох

эдгээр шинжүүд бүгд нэг хүнд тохиолдохгүй л дээ.

Хараалтай хүн, хар юманд эзлүүлсэн хүнд бас ийм шинж тэмдгүүд тодрох нь бий тул зүгээр “хэвийн бус” байснаараа “бөө” мөн юм байна итгэж болохгүй.

Тэнгэрийн улаач гэдгээ тодорхойлон мэдэх өөр нэгэн шалгуур үзүүлэлт бол зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх билээ. Зөн билгийн мэдрэмж гэхээр ихэнх хүмүүс зөн билгийн тулаанд оролцогчдын чаддаг мэддэг тэр бүхнийг чадах эсэхээр ойлгох нь бий. Зөн совин хүн бүрт байдаг. Тэр дундаа эрин шилжих энэ цаг үед төрсөн бүхэн, мөнх тэнгэрийн ивгээлт Монголчууд зөн билгийн мэдрэмж өндөртэй. Харин хүмүүсийн зөн совингоо хүсэл хийгээд ухаанаасаа салгаж мэдэрч сонсч сурсан түвшин харилцан адилгүй. Энэ нь зөн билэг, зөн совингийн тухай бидний ойлголт, итгэл үнэмшлээс шууд хамаардаг.

Зөн билэг гэдэг нь ухамсар ба дотоод ухамсарын хоорондох саадыг нэвтлэх чадвар бөгөөд хүний санаанд урьдаас сэрэгдэн төсөөлөгдөх гоц авьяас, хүний мэдрэхүйн дээд шат, хүний оюун ухаанаас гадуур сэргээгдэг төсөөлөгдөх сэтгэхүй юм.

Мэдэхгүй зүйлсээ үгүйсгэдэг “ухаан”, үр дүнг төлөвлөн тэмүүлэх “хүсэл”-ээс үл хамааран оршигч энэхүү зөн совингоо сонсож чаддаг хүмүүсийн хувьд “дотоод дуу хоолой” ямагт үнэнийг өгүүлдэг билээ.

Тэнгэрийн улаач болох цаг нь болсон ч иймэрхүү зүйлст огт итгэдэггүй хүмүүст өвөг дээдэс нь зөн билгийн чадварыг бий болгон мэдрүүлэх, итгүүлэх замыг сонгосон байдаг нь цөөнгүй. Нөгөө талаар хүний хүсэл шуналаас үүдэх алдаа эндээг үнэн зөвөөр ухааран ойлгож, төлөвших үед нь зохих байдлаар эдгээр чадваруудыг уламжуулах нь бий. Үүнийг улаач хийгээд онгод нь мундаг хүчтэй болохоороо төрүүлээд зөн билэгтэн болсон гэж ойлгож болохгүй. Эцэг эх нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, юугаа өгөх нь тэнгэр болсон тэдний л мэдэх зүйл.

Би зөн совингоо, зөн билгийн мэдрэмж, чадвараа хөгжүүлж байна гээд л юм бүрийг туршиж, өөрийгөө байнга шинжиж, өвөрмөц санагдах бүхнийг дөвийлгөн үнэлээд байх нь эргээд нэгэн төрлийн шинэ “бөө”-гийн өвчинг бий болгох аюултайг санаад зүгээр өөрийн дотоод дуу хоолойг л сайтан чагнаж, дагаж сурах хэрэгтэй юм.

Бөөгийн удамгүй Монгол хүн гэж нэгээхэн үгүй тул өөрийн мэдэх таних тэр хэмжээнд байхгүй гэдгээр үгүйсгэх хэрэггүй. Энэ тохиолдолд зүгээр тамга тэмдэг тавиулан улаач болох ёстой тэр хүн нь мөн эсэхээ л бүрэн таньж мэдэх нь чухал.

Ижил зүйл ижлээ татдаг гэдэг. Тэр утгаараа улаач болох тавилантай хүмүүс хань бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон хамгийн зөрчилтэй өрсөлдөгчид байх нь олон. Тэр дундаа “бөө”-гийн гэх өвчнөөр өвдсөн хүндхэн үеүүддээ хамтран ажиллаж, хамтдаа унаж босч, дурлалцаж, үзэн ядалцаж явсан хүмүүсийн хувьд энэ нь бүүр ч их байх нь бий.

Энэ бүгдээс үүдээд үнэхээр “тэнгэрийн улаач” тавилантай нэгэн мөн эсэхээ мэдэхийг хүсч, бас үнэхээр зорьж байгаа бол дараахи хэдэн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй.

Үнэхээр энэ асуудлын үнэн мөнг танин мэдэхийг хүсч байх хэрэгтэй. Тэр ч үүднээс өмнөө үүнийг зорилго болго.
Зөв замаар явж, зөв сайн хүмүүсээс үнэнийг мэдэхийг хүс.
Үнэний замд өөрт тань саад болж мэдэх бэрхшээлүүдийг арилгах буюу саадын хүчийг сааруул
Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс
Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчил
Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ

Хэрэв дотоод ертөнцөд тань эргэлзээ хийгээд үгүйсгэл хэт давамгайлж байвал та энэ бүхнийг дагахад амаргүй байх болно. Та дээрх бичлэгүүдийг бүрэн уншсан бол өөртөө зохих тэр жорыг өөрөө зохиох хэрэгтэй.

Үнэхээр энэ “асуудал”-ыг нэг тийш нь болгоё гэж бодож байгаа бол үймэрч шаналахаа больж, сэтгэлээ чангалж, зорилгодоо хүрч чадна гэдэгтэй итгэлтэй бай.

Хүн сэтгэлдээ айдас болгоомжлол их агуулах тусмаа л азгүйтэлд илүү өртдөг. Тиймээс өөрт тань зөвхөн сайн хүмүүс таарч зөв замаа олж чадна гэдэгтээ итгэлтэй болохоос нааш хэн нэгэнд итгэж хайж гүйх хэрэггүй.

Хайлт хийхийн тулд бас хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.

Ямар замаар хайх вэ?
Мэддэг чаддаг гэх хүмүүст хандаж тодруулах
Холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх
Энэ 2 аргыг хослуулах хэрэгтэй бөгөөд эхлээд алиныг нь дагах вэ гэдгээ та өөрөө тодорхойл. Учир нь та бусадтай яг адилхан нэгэн биш учраас бусдын хувьд амжилттай байсан тэр зам таньд бас бүхэн таарах эсэхийг баталгаатай хэлж чадахгүй.

Зохих түвшний мэдээлэлтэй байх нь харанхуйд хаашаа явж, юу хайж байгаагаа мэдэхгүй байдалд хүргэхгүй. Ингэхдээ та олон талт мэдээллийг шууд хуулбарлан ойлгохгүй харьцуулан шинжилж, авах гээхийн ухаанаар хандах нь чухал.

Хэнийг хайх вэ
Хэнийг гэдэг нь үнэхээр чухал зүйл. Та бөө удган хүмүүст хандах нь мэдээж гэх байх. Ямар бөөд гэвэл хамгийн сайнд нь гэх байх. Тэгвэл ийнхүү сонгохынхоо өмнө та “хамгийн сайн”, “хамгийн хүчтэй” гэдэг ойлголтуудын талаар эргэцүүлээд үзээрэй. Хамгийн сайн, хүчтэй гэх нь таны хувьд яг ямар шалгуураар хэмжигдэх вэ, та хүмүүсийн сайн гэгддэг тэр бүхнийг сайн гэж тооцох уу, бусад хүмүүсийн сайн гэж тодорхойлох болсон тэр шалгуур нь юу вэ, таныхтай нийцэж байна уу, сайн гэдгийг бусдын дунд нэр нь тархсанаар уу, олон хүнд жинхэнэ тусыг хүргэж чадсанаар уу, олон шавьтайгаар нь, эсвэл зөв сайн зүйл ярьдгаар нь уу, үүнийг та дахин нэг тунгааж үзээрэй. Хүмүүсийн дундах “сайн бөө” гэх төсөөлөл нь олон хүн очиж засал хийлгэдэг гэдгээр хэмжигдэх нь их гэдгийг санахад илүүдэхгүй.
Танд “хүчтэй сайн” хэрэгтэй юу, таныг таны явах ёстой тэр зөв замаар замнуулж чадах, үнэнийг хэлж чадах, таны хувьд зам нь нээлттэй ээлтэй санагдах нэгнийг хайх хэрэгтэй юу.
Зөвхөн нэгэнд хандах уу, эсвэл хэдэн газраар орж давхар шалгуулах уу,
Энэ бүхэн одоогоор зөвхөн таны л асуудал бөгөөд таны уг, удмыг тодруулж буй нэгний асуудал биш гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэн дээр очих нь таниас өөрөөс тань л хамаарна.

Таны итгэл үнэмшил, зорилго тодорхой болж та хаашаа, яаж хайхаа мэдэх болсон бол өөрт тань саад болж мэдэх хэд хэдэн хүчин зүйлсийн хамаарлыг багасгах хэрэгтэй.

Бусдын мэдээлэл, ятгалганд авах гээхийн ухаанаар хандаж,сэтгэлийн хэт хөөрөлд автахгүй байх хэрэгтэй
Өөрийгөө тайван байлгаж, энергийн алдагдлаа хязгаарла: бүү шанал, бүү эргэлз, бүү уурла, бүү уйл
Өөртөө гарц бий болго: Мөнгөгүй, боломжгүй, чадалгүй гэдэг үгнүүдийг март, боломжгүй зүйл гэж үгүй бөгөөд шинэ шинэ гарцууд ямагт байж л байдаг.
Өөрийгөө муу ”энерги”-ээс чөлөөл. Бүү дийлд, ямарч муу энерги, стрессийг хүн ялж дийлж чаддаг. Дийлж гаршгүй бэрхшээлийг дээд тэнгэр, бурхад хүнд өгдөггүй. Үүний тулд бясалга хий, азгүйтэл, бүтэлгүйтэл, хүндрэлийн тухай биш өөдрөг сайханг бод, хэрэв бодлыг тань дайраад зовлон шаналал эзлээд байвал, анхаарлаа огт өөр зүйлээр сатааруул. Ном унш, тарни тоол, залбир, бясалга, хүйтэн усанд ор гэх мэт.

Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс.

Чин сэтгэлээсээ залбирч гуй. Бусдыг дуурайж, хэн нэгний хэлж өгсөн уран цэцэн үгийг хэлэх гэж цээжлэх хэрэггүй. Өөрийн өвөө, эмээд ач нь үнэн сэтгэлээсээ хандаж, үнэхээр ямар учир таивлантай хүн гэдгээ мэдэхийг хүсч байна. Та нар минь үнэн мөнийг олоход туслаач, алдаагүй зөв замаар явж, үнэнийг хэлэх ёстой зөв хүнтэй уулзуулж учруулж өгөөч, болох болохгүйг бодол санаагаар минь, зөв бурууг зүүд нойроор минь хэлж хайрлаач гэх мэт.

Үүний хариуд магадгүй зүүдээр чинь хэн болохыг чинь ойлгуулах, хаана ямар хүнд очих, эсвэл хайлт дундаас чинь ямар нэгэн онцлог шинж тэмдгээр таних эсэх тухай хэлж өгч магадгүй. Заавал зүүдээр тодорхой хэлэлгүй хэрэгтэй үед тань мэдрэмж, совингоор тань ойлгуулж ч мэднэ. Эсвэл буруу зөрүү замыг тань хааж, зөвхөн зөв хүн дээр очих замыг нээх ч боломжтой.

Гэхдээ таны үнэн сэтгэлийг ганц нэг удаагийн гуйлтаар чинь мэдэх, итгэх бэрх байж мэдэх тул та үүнийг өөртөө одоо хайж эхлэх цаг нь боллоо гэж мэдрэх, итгэх хүртлээ өдөр бүр залбирч бай.

Хэрхэн залбирах вэ хүмүүс их асуудаг. Хэрхэн залбирвал танд илүү үнэмшилтэй, та чин сэтгэлээсээ хандаж чадах вэ гэдгээс энэ хамаарна.

Ихэнх тохиолдолд хүмүүс өвөг дээдсийн нутгийн зүгт сүү, цайны дээжээ өглөө бүр өргөхийн хамтаар залбирч даатга гэдэг. Энэ нь сайн үр дүнтэй. Та үгээрээ ч үйлдлээрээ ч өргөлөөрөө ч нэгдэж байгаа учраас тэр.

Түүнчлэн ганцаараа байхдаа төвлөрч байгаад чин сэтгэлээсээ оргилох үгээ хэлж, нулимсаа урган байж залбирах нь бий. Энэ ч гэсэн үр дүн сайн.


Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эргэлзэл нь таны үнэн гэдгийн талаарх тогтсон ойлголт, анхны төсөөлөлөөс их хамаарах нь бий. Тиймээс Та бөө мөргөл нь аль нэгэн шинжлэх ухааны туршилтаар батлагдсан шиг туйлын үнэн үгүй бөгөөд шинжлэх ухааны онолууд шиг тогтсон нэг баримтлалгүй гэдгийг санаж, хэн нэгэн хүний хэлсэнг үнэн гэж бусдыг нь хэт үгүйсгэх хэрэггүй. Гагцхүү мөнх тэнгэр хийгээд түүний таалал л үнэн. Хэрэв хандсан бүхнээсээ “өө” хайвал бүгд л өөтэй. Итгэхийг хүсвэл бүгд л үнэнтэй тул. Та аливаа мэдээлэл шууд дүгнэлт хийж, шийдвэр гаргах гэж бүү яараарай. Шийдвэр гаргах, итгэхэд хамгийн чухал дагах зүйл бол таны ухаан, хүслээр хөтлөгдсөн сэтгэл биш, зөн совин шүү.

Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ. Ихэнх хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол өөрийн хувь заяа, өөрийн асуудлыг бусдад хэт найдан даатгаад, өөрийгөө энэ хариуцлагаас чөлөөлчих гээд байдаг хандлага.

Хамгийн сайн, хамгийн хүчтэйг зоригсод бүгд өөрсдийн асуудлыг тэрхүү хамгийн сайн хүчний тусламжтайгаар шийдвэрлэх гэж хүсдэг. Хэрэв та улаач болох ёстой хүн мөн бол бусдын их хүчинд хэт найдаад өөрийн тэнгэрүүдийн хүч, өөрийг тань ивээсэн тэр ивээлийг, өөрийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй. Эцсийн дүндээ та жинхэнэ бөө болоход мундаг багш зөвхөн замчлах л үүрэгтэй бөгөөд жинхэнэ хүчээ олж авахын тулд та өөрөө бүгдийг хийх хэрэгтэй болдог юм. Түүнчлэн алив бүхнийг аль болох хурдавчлах, түргэвчлүүлэх гэсэн оролдлого их бий. Яарвал даарна гэдэг шүү дээ. Хурдан биш зөв байхад л хамгийн чухал нь байдаг.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 47
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Эхэнд оч

- Similar topics

 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй