Эрэлчний тэмдэглэл:

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee on Мяг 8 сар 09, 2011 2:40 pm

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 1

Нэгэн цагт дэлхийг донсолгож байсан Монголчуудыг суу билгээрээ хөтлөн сүр хүчээрээ ивээн тэтгэж байсан Мөнх тэнгэрийн шүтлэг болох бөө мөргөл түүхийн нугачаанд үгүйсгэгдэн, хүчлэн дарагдсан бөгөөд зуунаас зуунд шилжих он цагийн урсгалд баларч бүдгэрсээр мартагдсан байлаа. Хорвоо ертөнцийн жас ёс нь ч юмуу, эрин шилжих түүхэн нөхцөл нь бүрдсэндээ тэрүү, эртний уламжлал нь алдагдсан Монгол түмэн оюун санаа, үнэт зүйлсийн түвшинд уламжлалаа эрэлхийлэх болсон нь завшаан байсан ч хэрэг үү ямартаа ч ардчилал, эрх чөлөө хэмээгчийн үүд хаалга нээгдэхийн хамтаар эрт баларын хэмээгдэх бөө мөргөл ч сэргэж эхэлжээ. Мөнх тэнгэрийн сүрийг үзүүлэн эрт үеийн өвөг дээдсийн маань оюунлаг эрчмүүд удмын үрс, улаач заяатныхаа мөн чанарыг уулгалан довтлох болов. Хувь заяаны эргүүлэгт алдаж, онож, унаж босч явах нь хүн бидний хувьд байдаг зүйл тул голч шугмаа алдан доголдож эхэлсэн амьдрал, ажил үйлс, эрүүл мэндээ хэзээ ч дээд тэнгэрийн бодлого, зарлигтай холбон ойлгож байсангүй. Гэвч тэнгэрүүд тэмдэгт үрээ өөрсдийн хүссэн тэрхүү замаар замнахаас нааш тайван байлгадаггүй ажээ. Хүний нийгмийн ёсоор бий болсон “би” хэмээгчийн зорин тэмүүлэх зорилго, хүсэл, хүрсэн амжилт, хураасан хөрөнгийг ч үгүй хийхээс үл буцах бөгөөд гагцхүү энэ бүхний хариуд жинхэнэ мөн чанарыг хүлээн зөвшөөрч, мөнх тэнгэрийн дуулгавартай албат, өвөг дээдсийнхээ улаач болгохыг зорино.

Хүн төрлөөс төрөлд шилжин амьдрахдаа өмнөх төрлийн амьдралаа мартчихдаг гэмтэй. Харин хүний дараахи төрөлд шилжсэн түмэн үеийн тэнгэр төрөлтөн, буман үеийн буурал дээдсүүд маань бидний аль төрөлдөө хэн байсан, юу хийснийг огт мартдаггүй аж. Тиймээс ч улаач болгох удмын үрийг санамсаргүйгээр сонгоод авчихдаггүй бөгөөд төрлөөс төрөлд нь тодорхой хэмжээнд бэлдсээр ирдэг гэнэ. Угийн тэнгэрүүдээ өргөж, удмын заяаг тэгшлэх цаг нь ирэхэд үүрэг даалгавраа мартчихсан үрийгээ явах ёстой замаар явуулахын тулд дээд тэнгэрийн сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй болдог. Үгүйсгэх тусам тэнгэрт тэрсэгч тэнэг улаачаа чангалаад өгөх нь мэдээж.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэх энэхүү хүний нийгмийн ёсонд хазгай дэндүү түрэмгий аашлах тэнгэр дээдсийн хүсэл, зарлигийн мөн чанарыг ухааран ойлгож, чин сэтгэлээсээ эрхэмлэн дээдэлж, итгэн бишрэх болтлоо ихийг ч үзэж, мэдэж, мэдэрч, өөрийн хийгээд бусдын алдаа, амжилтаас суралцан суралцах болдог. Тиймээс ч улаач хүний туулдаг хүндрэл бэрхшээл бүхэн бол гэсгээл шийтгэл биш бөгөөд үүнийг тэнгэрлэг мөн чанарын танин мэдэхүйн аялал, дадлага, туршилтын сургалт, анги дэвшин суралцах шалгалт гэж ойлгож болно.

Тэнгэрийн зарлигийг даган үүргээ биелүүлэх цаг нь ирж буй улаачийн оюун санаа, сэтгэл зүрх, бие махбодийн хувьд хатуужуулан бэлтгэх үүргийг тухайн улаачийн ойр үеийн өвөг дээдсүүд хүлээдэг. Удмын заяа улаач заяатнаас хамаарах бөгөөд түүнийг сайн бэлтгэж чадаагүй тохиолдолд “сургагч багшийн” үүрэгтэй өвгөд нь ч зэмлэл хүртэнэ. Хэрэвзээ улаач нь үнэхээр мөнх тэнгэрийн суртахууныг мөн чанартаа эрхэмлэн, тэнгэрийн үйлийг газарт алдаа, эндэлгүй хэрэгжүүлэх чадвартай, оюун санааны дээд хөгжилд тэмүүлэгч нэгэн болж чадваас илүү дээд тэнгэр төрөлтөний ивээлийг хүртэх болно. Хэдийгээр буруу худал үйл хийдэггүй ч оюун санааны дэвшилд үл тэмүүлэн сэтгэлийн хорт үндсээс ангижирч чадахгүй аваас өндөрлөгт хүрсэн оюун санааны эрчмүүд ивээх нь үгүй. Улаач илүү дэвших аваас дээд оюун санаанууд буюу тэнгэр дээдэс нь ч үе үедээ өргөгдөн эрэмбэ суудал нь ахих болно. Харин улаач тааруу байх аваас мөнх тэнгэрийн зарлигийг эс дагасан ялыг улаач төдийгүй өндөрт суудалтай дээдсүүд нь ч эдэлнэ. Онгод хэдий өндөр ч ёроолоосоо нурдаг гэдэг энэ ажгуу. Өндөр тэнгэрт ивээгдсэн удмын үрс эрин цаг үедээ сайн сайхан амьдарч, ухаан билэг, авъяас чадвар, буян заяатай ихтэй үр хүүхдүүдтэй болдог. Мөнх тэнгэрийн гэсгээлийг хүртсэн удам хэр тааруу явах бөгөөд дараа үеийн улаач алдаа юуг засахаас нааш ахин дэвших нь үгүй. Харин тэнгэрийн дээд ял зэмийг хүртсэн удам үр удамгүй болж, хэзээ ч дахин сэргэхгүйгээр устаж үгүй болно.

Түүхийн ээдрээт цаг үед мөнх тэнгэрийн суу ухаан, оюун санааны гэгээрэл, ариун дээд эрчмийн хөгжлийн асуудал бүдгэрэн энэ цагийн Монголчуудад уламжлан ирсэнгүй. Дээд оюун санааны хөгжил бүхий тэр цагийн Монголчууд өөрсдийн дахин сэргэх цагийг хүртэл дэлгэхийг яарсангүй. Тиймдээ ч бөө мөргөлийн ёс уламжлалыг зохих хэмжээнд авч үлдсэн гэх цөөн тооны удмынханд гагцхүү дахин сэргэх тэрхүү цаг мөчид зайлшгүй хэрэг болох хэмжээний мэдлэгийг л өвлүүлэн үлдээжээ. Нууц байх ёстой бүхэн нууц л байх ёстой. Хичнээн ухаантай зөв нэгэн байсан ч тэнгэрийн таалал үгүй л бол нууцыг задлах учиргүй. Эс дагаваас дээд тэнгэрийн гэсгээл хүртэнэ.

Мөнх тэнгэрийн сүр хүчийг дээдлэн ирсэн түмэнд шинэ цагийн дахин сэргэлтийн шатанд илүү их гавъяа байгуулан ахин дэвших боломжийг олгожээ. Энэхүү давуу боломж буюу их зарлигийг биелүүлэх удмууд энэ цагийн дархад хийгээд буриадууд байлаа. Тэд мөнх тэнгэрт үнэнчээ харуулан өндөр тэнгэрүүдийн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэх учиртай байв. Нүүдэлчин овог, аймгууд эрт дээр үеэсээ өөр хоорондоо цус холилдон шинээр яс угсаа бий болж, басхүү хувиран өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Дархад нь ч харьцангуй сүүлд бүрэлдэн тогтсон шинэ залуу ястан. Дархадын бөө мөргөлийн онцлогт ч толгой удам хэмээх удмын дээд онгодууд нь шинэхэн “дархад” хэмээх ястаны хувьд эхлэл болдог бөгөөд мөн л 350-400 орчим настай байдаг. Гэтэл дархад хэмээх бүлд багтсан тэрхүү удмууд нь өөр өөр гарал угсаатай тул дээрээ л мөн өөр өөрийн дээд тэнгэрүүдтэй байх ёстой. Бөө дмөргөлийг нугачин дарж байсан хүнд хэцүү цагт өөрсдийн итгэл бишрэл, шүтлэгийг хадгалан авч үлдэх гэж хичээж, тэмцэж ирсэн энэхүү удмуудын өндөр дээд гарвалууд нь мөнх тэнгэрийн нууцыг хадгалан дээрээс мэлмийдэж байгаа нь гарцаагүй. Буриад түмний хувьд мөн ялгаагүй. Түүхэндээ хамгийн ихээр хэлмэгдэн, үй олноороо устгагдаж ирсэн ч үндэс тасрах учиргүй тэднийг мөнх тэнгэр ивээж явдаг. Тиймээс ч тэрхүү ивээлийг эхлэн хүртэж, удам угсаагаа засан тохинуулах, мөн мөнх тэнгэрийн даалгавраар бөө мөргөлийг зөв замаар өргөжүүлэн хөгжүүлэх нь тэдний үүрэг.

Мөнх тэнгэр зөвхөн эдгээр удмуудыг л ивээгээд бусдыг нь орхигдуулсан хэрэг биш бөгөөд түүхийн он цагуудад гавьяа байгуулж байсныг нь ч төдийгүй ял шийтгэл эдэлж явсан удмуудад ч энэ цагт сэргэн босож, ахин дэвших шинэ боломжийг олгосон ажээ. Гагцхүү үнэхээр дэвшин өөдлөх эсэх нь сэргэн боссон онгод сахиусууд, тэдний удмын улаач нараас хамаарах ёстой. Хэрэв тэд мөнх тэнгэрийн ёсыг эрхэмлэн зөв замаар явж чадаагүй бол тэнгэрийн гэсгээл хүртэнэ. Мэдээж хийсэн үйлийнх хэр хэмжээ, хор хохирол, үзэл бодол, үйл хэрэг нь тэнгэрлэг мөн чанараас хэр хол байгаагаас хамааран зохих шийтгэлийг олгоно.

Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ цаг үед улаач нар олноор төрж байгаа ч тэдний чухам хэд нь тэнгэрийн ивээлийг, хэд нь гэсгээлийг хүртэхийг цаг хугацаа харуулах бизээ. Мөнх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 41
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй